|
|
|
|
Жураа Ёнзон Жамбагүнчав. Үлгэрийн бодь мөрийн зэрэг: Өөрийн сэтгэлийг буяны учралд оруулах увдис их эрдэнийн зүрхэн шим [Ламрим в примерах: Драгоценная сердцевина — тайные наставления, вводящие сознание в духовную практику] / Төвд хэлнээс орчуулж, тайлбар хийсэн Л. Тэрбиш [Пер. с тиб., коммент. Л. Тэрбиша]. Улаанбаатар: “Соёмбо Принтинг” ХХК, 2019.
Оршил
Өмнийн мэргэд бурхны шашны номын ёсыг аливаа бодгалийн хэр бяр, оюуны хэмжээ хэвчээнд таацуулан элдэв үлгэрээр дамжуулан мэдэн ухааруулж байсан нь олонтаа.
Энэ ай савд хамаарах «Рашааны дуслын тайлбар», Саж бандида Гунгаажанцаны «Субашидын тайлбар», Төвдийн бурхны шашны Гаадамбын урсгалын лам Бодабагийн «Үлгэрийн ном эрдэнэ цогцолсон», Монголын эрдэмтэн лам Янжингаавын Лодойгийн «Цагаан лянхуан баглаан тайлбар», Жураа Ёнзон Жамбагүнчавын «Үлгэрийн мөрийн зэрэг» буюу «Өөрийн сэтгэлийг буяны учралд оруулах увдис их эрдэнийн зүрхэн шим», Монгол лам Лувсанцэрэнгийн «Үлгэрийн мөрийн зэрэг» олон буй.
Өмнө дурдсан «Цагаан лянхуан баглаан тайлбар"-ыг миний бие орчуулж, зүүлт тайлбар хийж, хоёр удаа нийтийн хүртэл болгосон билээ.
Жураа Ёнзонгийн «Үлгэрийн мөрийн зэрэг» зохиолыг Энэтхэгийн эрдэмтэн Локеш Чандра, Лувсанцэрэнгийн «Үлгэрийн мөрийн зэрэг» номыг лам Р.Бямбаа хувилан олшруулж нийтийн хүртээл болгосныг бахархан дурдууштай.
Монголын эрдэмтэн лам нарын дунд нэлээд алдаршин түгэн дэлгэрсэн ном бол Жураа Ёнзон Жамбагүнчавын «Үлгэрийн мөрийн зэрэг» ном юм аа.
Миний биед дурдан буй зохиолын гар бичмэл гүйцэд эх болон Буриадын Агын дацанд барлагдсан барын судар хоёр хадгалагдан байна.
Жураа Ёнзонгийн өгүүлэн буй сайх зохиолыг монголын эрдэмтэн хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ёндон тусгайлан судалж, «Төвд-Монголын уран зохиолын харилцааны асуудалд» нэрт нэгэн сэдэвт чамбай бүтээл туурвисан юм. Энэ ном Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн «Эрдмийн өв» цувралаар 2014 онд дахин хэвлэгдсэн болно. Ёндон эрдэмтэн тухайн зохиолын зохиогч хийгээд зохиол туурвилын талаар дорвитой судалж, бүх үлгэрүүдийн нэрийн цэсийн жагсаасан байдаг. Харин судалгаатайгаа холбогдуулан цөөхөн үлгэр орчуулан оруулсан буй.
Ёндон Янжингаавын Лодой, Жураа ёнзон нарыг төвдийн зохиолч хэмээсэнтэй би санал эс нийлэх бөгөөд Янжингаавын Лодойг хошууд монгол хүмүүн болох талаар «Цагаан лянхуан баглаан тайлбар»-ыг нь хэвлүүлэхдээ батлан дурдсан буй. Харин Жураа Ёнзон монгол хүмүүн болох нь түүний бүтээлээс тод томруун харагддаг юм аа.
Миний бие өөрт буй хоёр эхийг хав дарсангүй, харин ч идэр залуу насандаа МУИС-д багшилж ахуйдаа оюутнуудад хөтөлж, бас хожмоо Монгол Улсын иргэн болсон «Согбо ринбочэ» хэмээн алдаршсан Гүрү Дэва ламтан өөрийн шавь гэвш лам Б.Түшихбаяраар дамжуулан авч, мөнхүү номыг дахин шивүүлж, зуу хувилан шинэ судар бүтээгээд, нийтийн хүртээл болгосныг дурдахад таатай байна аа.
Б.Түшихбаяр лам бол надад шавь орж, нэр цээрлэсэн бөгөөд орчин цагийн судалгаа шинжилгээнд мэргэжиж, докторын зэрэг хамгаалсан, номонд хорхойтой буяны сэтгэлт нэгэн бөгөөд миний ном зохиолуудыг хэвлүүлэхэд өөр лүгээ агаар нэгэн буяны сэтгэлтнээр ивээн тэтгүүлж, олны хүртээл болгосоор байгаа нь «Номын багшаа ноорхой цаас мэт хаячихаад өөрийгөө өндөр дээд суудалт эрдэмтэн» хэмээн хөөрөмсөгч өдгөө цагийн зарим нэгэн шавь нараас ихээхэн зөрүүтэй юм даа.
Өтөл миний бие өөрт буй хоёр эхийг харгалдуулан барын эх судрыг анх удаа монголоор орчуулж нийтийн хүртээл болгож байгаадаа сэтгэл өег байна аа.
Бичмэл эхээс үлдсэн хэсгийг бас орчуулсанаа хоёр дахь дэвтэр болгон хэвлүүлэхээ уншигч абугай танд амлая!
Тухайн номын үг үсгийн алдаа мадагийг цаг зав гарган зассан шавь Мастер Ш.Оюундулам, Доктор (Ph.D) шавь Д.Оюун-Эрдэнэ, охин Доктор (Ph.D) Т.Чулуун-эрдэнэ болон номын эхийг бэлтгэх чимхлүүр ажил эрхэлсэн шавь Доктор (Ph.D) Г.Жаргал нартаа гүн талархал илэрхийлье. Шавь нарын минь цаашдын судалгаа шинжилгээний ажил салуу тутарга мэт цаг бүхнээ дэлгэрэх болтугай!
Энэ номыг хэвлүүлэхэд Номин констракшн девелопмент группийн Гүйцэтгэх захирал Өршөөн нигүүлсэхүйн номонд үнэхээр туст Өндөр овгийн Бямбаагийн Хүрэлхүү гэр бүлийн хамт ивээн тэтгэсэнд нь өвгөн эрдэмтэн би үнэхээр талархалтай байна аа. Та нарын минь ажил, амьдрал тариа будаа мэт арвижих болтугай!
Гэм, алдал болсон бүхнийг гэгээн мэргэд хүлцэн болгоож, үнэт сургамжит үгсийг хайрлах ажаамуу.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ын профессор, зурхайч Урианхай овогт Лхасрангийн Тэрбиш
XVII жарны «Тийн унжлагат» хэмээх Шороон Нохой жилийн Өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын «Арвидах болох» барилдлагат
Шинийн есний Хар хулгана өдөр
2019 оны 01 сарын 15
PDF-файлы Полный текст монографии
Ключевые слова ламрим литература буддийская
|
|
|
Случайная новость: Объявления |
19 февраля 2024 г. в ИВР РАН состоится очередная ежегодная иранистическая конференция памяти О. Ф. Акимушкина. Предлагаем вашему вниманию программу. |
Подробнее...
|
|
|
|
|